Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Ноосон нэхмэл даавууг тэлж хатаах машинаар агшаах ажиллагааны оновчтой горим тогтоож, динамик ачааллыг багасгах нь
М.Мөнхбат
Салбар: Техник
Улсын дугаар: 2709
Хамгаалсан он: 2012

Судалгааны ажлын зорилго: Энэхүү бүтээлийн үндсэн зорилго нь даавууг агшаах болон даавууг залгаж оёх ажиллагааг боловсонгуй болгох, машины ажлын эд ангиудад нөлөөлөх динамик ачааллыг багасгах арга, зөвлөмжийг боловсруулахад оршино.
Судалгааны ажлын арга, аргачлал: Энэхүү судалгааны ажлын зорилго, зорилтыг шийдвэрлэхдээ туршилтын болон онолын судалгааны аргуудыг ашиглан гүйцэтгэлээ.
Сорил, туршилтын ажлуудаа лабораторийн КЛ-2/20 маркийн каландр болон ПЛ-2/40 маркийн дэвтээх машин, даавууны таталт болон үрэлтийн коэффициент тодорхойлох төхөөрөмж, залгаас оёдлын хэмжээс тодорхойлох төхөөрөмж, голын гадаргуугийн хэв гажилт тодорхойлох төхөөрөмж, даавууны бат бэх тодорхойлох РТ-300 маркийн лабораторийн төхөөрөмж, ТVР SH-2 маркийн хатаах камер, ноосон даавуу боловсруулах хос голт туршилтын төхөөрөмж, ноосон даавууны үйлдвэрлэл, даавууны агшилтын хяналт, хүчний зарцуулалтын сорил зэргийг Текстима-6597 маркийн тэлж хатаах машинаар (Ивановын Нэхмэлийн Улсын академи, “Монгол нэхмэл” /ХК/), даавууны агшилт суналтыг тодорхойлохдоо ППУ-1 маркийн төхөөрөмж, үйлдвэрлэлийн голт машинууд болох шахах ОТ-140-11 маркийн машин, дэвтээх ПД-140-21 маркийн машин зэрэг нэхмэлийн тоног төхөөрөмжүүдийг ашиглан хийлээ.
Сорил, туршилтын тензометрийн болон хэмжилтийн үр дүнг боловсруулах, тооцоолоход математик төлөвлөлтийн аргуудыг ашигласан. Онолын судалгааг хийхдээ математик загварчлал, оновчлолын онол, интеграл болон дифференциал тооцооллын аргуудыг хэрэглэсэн.
Бүтээлийн агуулга:
Нэгдүгээр бүлэгт нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах технологийн дамжлагад явж байгаа нэхмэл даавууны шинжилгээ, гүйцэтгэн боловсруулах машины хос голд үйлчилж буй шугаман үйлчлэл, динамик ачаалал тодорхойлох зэрэг асуудлуудыг нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хувьд хийсэн судалгааны ажлуудыг судалсны үндсэн дээр энэхүү нэг сэдэвт эрдэм шинжилгээний ажлынхаа зорилго, зорилтоо тодорхойлов.
Хоёрдугаар бүлэгт голт механизм бүхий тоног төхөөрөмжүүдээр боловсруулж байгаа даавууны хөдөлгөөнтэй уялдсан машины хос голын хийцийн үндсэн асуудлыг авч үзэв. Голын гадаргууд үйлчлэх ачааллын хэмжээ, даавуу боловсруулах технологи ажиллагааны горимын асуудлыг тодорхойлж, хос голын гадаад хэлбэр хийцийг судлав. Хос голын харьцалтын талбайн нумын уртад үйлчлэх эсэргүүцлийн хүчний нөлөө, хос голд нөлөөлөх харьцангуй үйлчлэлийг судалж түүний тархалт парабол хэлбэртэй болохыг тодорхойлсон ба улмаар нэхмэл даавуу болон хос голын харилцан үйлчлэх хүчний үйлчлэлийг судлав. Даавуу болон хос голын татах, үйлчлэх хүчинд нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлж, нэхмэл даавуу ба хос голын харилцан үйлчлэлийн нөхцөлийг судалсан судалгааны үр дүнг оруулав.
Гуравдугаар бүлэгт нэхмэл даавууны агшилт, суналт хос голын технологи ажиллагаа болон хос голын хийц, бүтэцтэй хэрхэн хамааралтайг судалсан судалгаа, түүний үр дүнг тусгалаа. Боловсруулалтад орсон даавууны суналт, агшилт нь машины эд ангиудтай хэрхэн зохицох, ажиллагааны явцын тооцооны аргачлалыг тайлбарлахын зэрэгцээ технологийн дамжлагуудад даавууны шугаман хэмжээнд хяналт тавих, үр дүнг тодорхойлов. Ноосон даавууны суналтад нөлөөлөх хүчин зүйлс болох хурд, даавууны явалт, даавууны чийглэг, дамжлага дахь дулааны боловсруулалтын болон хөргөх температур зэргийг тогтоож, холбогдох судалгааны үр дүнгийн талаар оруулав. Судалгааны үр дүнд тэлж хатаах машинаар даавууг агшаах, сунгах технологи ажиллагааны олон хүчин зүйлт загварыг боловсруулж, туршилт төлөвлөлтийн аргачлалд үндэслэн технологи ажиллагааны зохистой утгыг тогтоов.
Дөрөвдүгээр бүлэгт машины хос голын ажиллагаанд динамик хүчин зүйлс хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааны үр дүнг авч үзлээ. Машины эд анги болон дамжлагуудад ноосон даавууны эхлэл, төгсгөлийг холбож оёх зохистой оёдлыг санал болгох, тооцоолох, түүний хамаарлын үзүүлэлтүүдийг илэрхийлэх тэгшитгэлийн математик загварын тооцоо хийв. Улмаар даавууны залгаж оёсон хэсэг хос гол дундуур өнгөрөхөд үүсэх динамик ачаалал, түүнийг бууруулах нөхцөл хүчин зүйлсүүдээс хэрхэн хамаарах тооцоог гүйцэтгэв. Ингэхдээ гурвалсан хос голын динамик өөрчлөлтийг тогтоов. Нэхмэл даавууны таталтад оёдолтой хэсэг хэрхэн нөлөөлж байгааг судалж үнэлгээ гаргав. Голын даавууг хавчиж авах, гаргах үеийн шилжилт хөдөлгөөний үргэлжлэх хугацааг тооцоолж тогтоов. Динамик ачаалалтай үед голт механизмыг ажиллуулах хөдөлгүүрийн чадалд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн судалгааг явуулж машины хос голын хэвийн ажиллагаанд шаардагдах хэрэгцээт хөдөлгүүрийн чадлын тооцоо хийж түүний хэмжээ, өөрчлөлтөд хүчин зүйлс хэрхэн нөлөөлж буйг тодорхойлов. Судалгааны үр дүнгээр динамик ачааллыг бууруулах санал, зөвлөмжийг боловсруулж хийцийн болон технологийн хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан машины хүч чадлыг тооцоолох аргачлал, томьёог санал болгон дэвшүүлэв.
Бүтээлийн төгсгөлд ерөнхий дүгнэлт, мөн ашигласан бүтээлийн жагсаалт болон даавуу болон хос голын геометр хэмжээс тодорхойлох компьютерийн программыг орууллаа.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats